Jargal's Wildlife Photography

Jargal's Wildlife Photography Жигүүртэн шувуу сонирхдог хүмүүст зориулсан монгол тайлбартай хуудас юм, сэтгэгдэл, мэдээлэл хуваалцаж, сонирхсонд талархлаа !

Зуслангийн хөршийнхөө залуу зандан насны зургийг хайсан чинь богинохон, 2-3 жил насалдаг юм байна, хөөрхий. Арваад жилий...
19/08/2026

Зуслангийн хөршийнхөө залуу зандан насны зургийг хайсан чинь богинохон, 2-3 жил насалдаг юм байна, хөөрхий. Арваад жилийн өмнө буулгасан энэ зураг элэнц хуланцынх болж таарлаа 🙂 Siberian chipmunk (Tamias sibiricus)

13/08/2026

Асганы огдой (Ochotona hyperborea) бусад асга нураг шүтдэг огдойн зүйлтэй нэгэн адил асга хөвөөлж ургадаг шимт ургамлаас сорчлон, хадаж, амаар зууж, зөөн хадны хонгил, завсар чигжиж хатаан, өвлийн хөеөгөө базаадаг. Газраар ч бэлчинэ, модонд ч авирна гэнэ. Бас өндөр уулын ургамлаас шим тэжээлийг дээд зэргээр шингээж авахын тулд копрофаги буюу өөрийн “нялцгай хар гонзгой” баасаа эргүүлэн иднэ. Хоол тэжээл хомс цаг үед түүнээс хамгийн их илчлэгтэй тул буцааж иддэг гэнэ. Зуслангийн хөрш огдойг олон жил хамт амьдарсан ч хараагүй байж. Batsaikhan Nyamsuren найз бөмбүүлэй зулзагатай нэг бүдүүн бодгалийг олж замчлаад, харууллаа, ихэд баясч баярлалаа !

10/08/2026

Манай шинэ танил Махаон дэвүүрийн авгалдай. Унтаахайг үүрээр сэрээвэл уурлаад үнэр цацагчаар айлгав. Хүзүүнд байрлах булчирхайн салаа эвэр шиг өвөрмөц тэр эрхтнээ (Osmeterium) өдрийн цагт бараг ашиглахгүй юм. Өөр нэг сонирхолтой эрхтэн бол нүдийг тойрсон толгойн хатуу хитин бамбай баг. Өдөржин шөнөжин идэж унтах авгалдай сарын дотор хурдан өсч хэдхэн мм-ээс 45 мм томорно, арьс сунаад гуужна, харин нүүрний хаалтаа тэр чигээр нь сольдог ажээ. Сарын дараа бор хүүхэлдэй болж хувираад намар үзэсгэлэнт эрвээхэй гарна...

06/08/2026

Бамбай хоншоорт могойны англи нэршилд "pit" гэсэн үгийг сонирхвол хамар, нүдний хооронд байх мембрантай нүх аж. Тэр инфра гэрлийн дулаан мэдрэгчээс тархинд амьтны дүрс үүсгэнэ, тас харанхуйд гөрөөлөө олох шөнийн дуран. Дулааны хэмийн өчүүхэн хэлбэлзлийг (0.003 °C) мэдэрдэг гэнэ. Crotalinae бүлгийн могойнууд ийм тансаг "дурантай", бусад нь үгүй. Биологич найз хээр хоноглохдоо майхан дэвсгэр доогуур могой шургаж хамт хонох аюултайг сэрэмжлүүлж байсан нь энэ дулааны сэнсортой могой юм байна. Анааш шиг хэд хоноод хүний хэлснийг ойлгоноо 🙂

05/08/2026

Аалз могой мэт амьтнаас бид их жийрхдэг. Харин таниад ялгаад сурвал хортой хоргүйг мэднэ. Усны могой гэмгүй нэгэн. Өчигдөр гайгүй танилцлаа, нэг их таараад байх ч биш. Толгойн хэсэгт улбар шар тод толботой, их содон, танихад түвэггүй. Ер нь ямар ч могой хатгахгүй, хазна. Хэл амаа их шилэмдэх, хаяа газар хүрч байх юм. Тэр салаа хэл нь могойны үнэрлэх эрхтэн, орчны химийн найрлагын шинжилгээ хоёр цэгээр зэрэг авч, зүг чигээ олдог, загас жараахай олдог гэнэ. Шийгэсэн дуутай. Бас сонсголын эрхтэн үгүй, биеийн ясаар газрын чичиргээг мэдэрнэ. Биологич найз нар миний айдсыг арилгах гэж гар дээр бариулсан. Хүйтэн цустай ч цэлдийсэн эвгүй юмгүй. Харин ч лусын эзнийг халуун өдөр хүзүүндээ тохчихоод явбал зүгээр ч юм уу. Манай үеийнхэн орос ном зохиолоос “Уж” гэж уншсан биз. Усны могой (Natrix natrix)

Сөд өвсний иш рүү хэн нулимав гэвэл тийм бүдүүлэг амьтан ойд үгүй бөгөөд энэ нь нөмрөгийн төрлийн хагас хатуу далавчтан ...
27/07/2026

Сөд өвсний иш рүү хэн нулимав гэвэл тийм бүдүүлэг амьтан ойд үгүй бөгөөд энэ нь нөмрөгийн төрлийн хагас хатуу далавчтан аймгийн нэгэн шавьжийн авгалдайн орон гэр. Дүлий мэлхий царайтай, дэвхэрч үсэрдэг тэр бяцхан амьтны монгол нэршлийг эс мэдэх ч англиар froghopper (Cercopidae) гэнэ. Авгалдай нь ургамал цэцгийн ишнээс шүүс сорж өсөх бойжих зуур хөөс гаргаж, биеэ хучиж дулаалж, дайснаас нууж хамгаалдаг сонин амьтан. Намар нэг царай муутай царцаа шиг юм мөлхсөөр гарч ирнэ. Хажуугаар нь торгон бүрхүүлт гэх бүгэг эрвээхэйн авгалдай (Lasiocampa trifolii) холхиж, бас нэг муу шумуул тэр хөөсөнд зоогдож үхжээ, хөөрхий🙂 Зуны ойн цэцэг навчны дор зугаатай амьдрал буцалж байна даа, сонирхвол гэж …

НАЧИН ШОНХОР vs. ДРОН Бараг бүх орчин үеийн технологи байгалиас санаа авсан байдаг. Эволюцийн олон сая жилийн туршид шув...
26/07/2026

НАЧИН ШОНХОР vs. ДРОН
Бараг бүх орчин үеийн технологи байгалиас санаа авсан байдаг. Эволюцийн олон сая жилийн туршид шувууд нислэгийн жинхэнэ мастер болсон. Тэдний хөдөлгөөнийг судалж илүү дэвшилтэт төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна. Гадны судлаачид хүчтэй агаарын урсгалд тогтвортой байдлаа хэрхэн хадгалдаг болохыг ойлгохын тулд начин шонхорын хөдөлгөөнийг дуурайдаг робот бүтээж туршжээ.
Шувууны агаарт хөөрч, хүчтэй салхинд ч тогтвортой байдлаа хадгалах чадвар нь аэродинамикийн хамгийн нарийн төвөгтэй нууцын нэг хэвээр. Жижиг дронууд салхитай нөхцөлд хяналтгүй болдог бол начин хараа гөрөөл дээр тогтож, толгойгоо хөдөлгөлгүй дэрвэж, агаарын урсгалын өчүүхэн өөрчлөлтөд ч агшин зуур хариу үйлдэл үзүүлж чаддаг. Энэ технологи нь начин салхины нөлөөн дор далавч, сүүл, биеийн байрлалаа хэрхэн өөрчилдөгийг нарийвчлан ажиглажээ. Шинжилгээнээс харахад түүний тогтвортой байдлын нууц нь огцом ганц маневрт биш, харин тасралтгүй бичил хөдөлгөөний зохицуулалтад оршдог аж. Шувуу биеийн байрлалаа бараг мэдэгдэхгүйгээр байнга өөрчилж, агаарын урсгалын өчүүхэн өөрчлөлтөд ч агшин зуур дасан зохицдог. Байгалийн энэ механизм нь орчин үеийн дронуудын ажиллах зарчмаас эрс ялгаатай. Ихэнх дронууд мэдрэгч болон тогтворжуулах алгоритмын тусламжтайгаар аль хэдийн үүссэн хазайлтад хариу үйлдэл үзүүлдэг. Харин начин урьдчилан мэдэрч, тогтвортой байдлаа алдахаас өмнө байнга хариу хөдөлгөөн хийдэг.
Ийм нээлтийг шинжлэх ухааны судалгаанууд ч баталж байна. "Bridging the gap: a review of gust mitigation in and small uncrewed Aired vehicles (2026)" тойм судалгаанд эрдэмтэд ижил хэмжээтэй шувуудтай харьцуулахад жижиг UAV-ууд салхинд хамаагүй илүү өртөмтгий байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүний зэрэгцээ байгаль нь турбулентыг саармагжуулах хэд хэдэн механизмыг нэгэн зэрэг ашигладаг. Уян хатан далавч, мэдрэхүйн систем, идэвхгүй тогтворжуулалт, хөдөлгөөний тасралтгүй тохируулга. Харин орчин үеийн дронууд энэ системийн зөвхөн тусдаа элементүүдийг л хуулбарлаж чаддаг байна.
Анхны хөгжүүлэлтүүд энэ хандлагын үр нөлөөг аль хэдийн харуулж байна. Лозанны Холбооны Политехникийн Сургуулийн (EPFL) судлаачид дасан зохицох далавчтай дрон бүтээсэн нь турбулентэд 11.5% илүү эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой болох нь батлагдсан. Америкийн эрдэмтдийн өөр нэг төсөл нь далавчны геометрийг өөрчилдөг удирдлагын алгоритм нь ердөө гурван даралтын мэдрэгч ашиглан салхины нөлөөллийг 84% бууруулж чаддаг болохыг харуулсан.
Хэрэв шувуудын нислэгээс санаа авсан технологиудыг олноор үйлдвэрлэлд нэвтрүүлж чадвал дронууд цаг агаарын илүү хүнд нөхцөлд ажиллах боломжтой. Нисгэгчгүй нисэх техникийн хурдацтай хөгжлийг үл харгалзан инженерүүд шувуудын нисэх аргад хараахан ойртож чадаагүй байна. Амьд организмын нислэг нь хэд хэдэн харилцан уялдаатай системийн үр дүн юм. Уян хатан далавч, мэдрэхүйн механизм, агаарын урсгалд байнгын дасан зохицох чадвар. Орчин үеийн нисгэгчгүй онгоцны асуудал нь тэд зөвхөн нэг төрлийн зүтгүүрийн зарчмыг ашигладагт оршино. Энэ нь сэнсээр үүсгэсэн агаарын зүтгүүр, эсвэл илүү нарийн төвөгтэй төхөөрөмжийн хувьд тийрэлтэт зүтгүүр юм. Ихэнх иргэний дронууд, сонирхогчийн, ахуйн, спортын дронуудын хувьд сэнс ашигладаг. Инженерүүд бүрэн хуулбарлаж чадаагүй байгаа механизмуудын нэг нь идэвхгүй тогтворжуулалт хэвээр байна. Их Британийн Хатан хааны мал эмнэлгийн коллежийн эрдэмтдийн судалгаагаар шувуудын далавч машины явах эд анги шиг ажилладаг болохыг харуулсан. Гэнэтийн салхи шуурахад тэд мөрний үендээ автоматаар хазайж, тархи дохиог боловсруулж амжаагүй байхад биед ирэх ачааллыг бууруулдаг. Туршилтаар ийм механизм нь агаарын урсгалд өртсөнөөс хойшхи эхний 80 миллисекундэд шувууны биед дамжих импульсийг ойролцоогоор 32% бууруулдаг болохыг харуулсан.
Өд сөд нь ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Баруун Онтариогийн их сургуулийн биологичдын судалгаагаар өдний угт байрлах механорецепторууд нь шувуудад агаарын урсгалын өөрчлөлтийг бараг агшин зуур бүртгэх боломжийг олгодог. Хамгийн хэцүү зүйл бол далавчны хувирах профилийг хуулбарлах юм. Орчин үеийн технологиор ийм системийг хэрэгжүүлэхийн тулд далавч дотор маш олон механик элемент байрлуулах шаардлагатай болно. Аливаа механик нь найдвартай байдал буурч, жин болон өртөг нэмэгдэнэ гэсэн үг. Тийм ч учраас үр дүнтэй, найдвартай, өрсөлдөх чадвартай ийм бүтцийг бүтээх боломжгүй хэвээр байна.
Ийм механизмуудын нарийн төвөгтэй байдал нь био-шингэсэн дронуудын хөгжлийг хязгаарлаж байгаа юм. Шувуудын нислэгийн зарчмыг ашигладаг төхөөрөмжүүд илүү чимээгүй болох боломжтой ч одоогийн технологи нь хангалттай авсаархан, найдвартай, бүтээмжтэй механизм бүтээх боломжийг хараахан олгохгүй байна.
Био-дизайнтай нисэхийн жинхэнэ ирээдүй нь шувуутай гаднах төстэй байдалтай холбоотой бус, харин эрс шинэ материал гарч ирсэнтэй холбоотой юм. Цахилгаан дохионы нөлөөгөөр хэлбэрээ өөрчилж чаддаг цахилгаан идэвхт полимерууд, буюу "хиймэл булчин" гэж нэрлэгддэг материалын тухай юм. Уламжлалт механизмаас ялгаатай нь тэдэнд олон тооны эргэдэг хөдөлгүүр, араа болон бусад нарийн төвөгтэй эд анги хэрэггүй тул нисэх төхөөрөмжийг илүү хөнгөн, найдвартай, илүү чимээгүй болгох боломжтой. Гол асуудал бол ийм материалыг мэдэгдэхүйц деформацид оруулахад маш өндөр хүчдэл, хэдэн арван, бүр хэдэн зуун киловольт шаардлагатай байдаг. Гэхдээ эрдэмтэд аажмаар хэдэн киловольтын хэмжээтэй хамаагүй бага хүчдэл шаарддаг шинэ цахилгаан идэвхт полимеруудыг бүтээж байна. Байгалийн төгс бүтээл шувууг одоогоор ямар ч дрон гүйцэх хол байна гэнэ. Iz.ru сайтаас уншсанаа тоймлов

Дэлхийн найман зүйл хотонгоос Борцгор хотон хамгийн хүнд, хамгийн том шувуу. Уртааш 160-183 см, далавчны дэлхэц 245-351 ...
20/07/2026

Дэлхийн найман зүйл хотонгоос Борцгор хотон хамгийн хүнд, хамгийн том шувуу. Уртааш 160-183 см, далавчны дэлхэц 245-351 см, жин 11-15 кг гэнэ. Намгархаг, нуур устай төрсөн нутгаа мал, тариаланд алдаж, үүрлэх далдхан газар, цэвэр усны загас жараахай нь хомсхон болсон. Үүрэндээ хүн амьтан ойртвол маш эмзэг, үргэж нисээд өндөг ангаахай нь бээрэх бөгөөд Монгол Хятадын хооронд нүүдэг 200 орчим бодгаль үлдээд буй ажээ. Хотонгийн бусад зүйлийн тоо толгой тогтвортой, америк, австралийн уяачид хусуур хийдэггүй юм байлгүй. Dalmatian Pelican (Pelecanus crispus)

Сэрүүн зуны өглөөEurasian coot (Fulica atra)
18/07/2026

Сэрүүн зуны өглөө
Eurasian coot (Fulica atra)

"Сэгч шувуу ба бяцхан охин" бол жигүүртэн дуранд буусан дэлхийн сэтгүүлзүйн алдартай, эмгэнэлтэй түүхтэй зураг. Өмнөд Аф...
05/07/2026

"Сэгч шувуу ба бяцхан охин" бол жигүүртэн дуранд буусан дэлхийн сэтгүүлзүйн алдартай, эмгэнэлтэй түүхтэй зураг. Өмнөд Африкийн зурагчин К.Картер Суданд хүмүүнлэгийн тусламжид мөнгө босгохоор ажиллах үед хоолны газар руу зүглэсэн хүүхэд туйлдаад сөхрөн унахыг зураглахад дэвсгэрт нь сэгч шувуу таарч. Энэ зураг дэлхийг шуугиулж, өлсгөлөн зовлонгийн сэдэвт олны анхаарлыг татаж, зурагчин нь Пулитцерийн шагнал хүртсэн. Харин зурагчин хүүхдэд туслалгүй зурагтаа анхаарсан ялд унаж, шагнал авснаас хойш хэдэн сарын дараа амиа хорлосон. Хүүхэд хүү болж таарч, тэр үед амьд үлдсэн ч арваад жилийн дараа өвчнөөр нас баржээ.Цаана байсан нь Нөмрөг сэгч буюу Hooded vulture (Necrosyrtes monachus), уртавтар хошуутай, нүцгэн толгойтой, сэг зэм, хогоор хооллодог шувуу. Энэ хэцүү түүхтэй хэцүү зураг санаанд бууж, Берлины амьтны хүрээлэнд тэр шувууны дүрсийг буулгасан юм.

Adresse

Am Tierpark 125
Berlin
10319

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Jargal's Wildlife Photography erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Service Kontaktieren

Nachricht an Jargal's Wildlife Photography senden:

Verknüpfungen

Teilen

Kategorie