Алс газар сурахаар одогсод: 100

Алс газар сурахаар одогсод: 100 Монголчууд анхны сурагчдаа баруун европт илгээсний 100 жилийн ойд зориулав.

“Сайхан охин Сарангуа” буюу ХААЛАА              Ч.БолдГерманд суралцсан тухай:Хаалаагийн Германд суралцаж байсан үеийн т...
03/06/2026

“Сайхан охин Сарангуа” буюу ХААЛАА

Ч.Болд

Германд суралцсан тухай:

Хаалаагийн Германд суралцаж байсан үеийн тухай мэдээлэл тун хомс. Салангид хэсэг бусаг мэдээ л олддог юм. Ямар ч байсан тэрбээр Виккерсдорф дахь чөлөөт сургуульд суралцаж байсан нь бидэнд тодорхой байгаа зүйл.

Германы судлаач Дорис Гётинг (Doris Gotting) “Монголын сурагчид болон мэргэжил эзэмшигчид Герман улсад (1926-1930)” бүтээлдээ түүнийг “1910 оны гуравдугаар сард Өргөө хотод төрсөн” гэж бичсэн байх юм. Энэ мэдээллийг тэрбээр хаанаас олж авсныг би мэдэхгүй. Магадгүй тэрбээр Виккерсдорфын сургуулийн бүртгэлээс авсан байх. Учир нь Хаалааг тус сургуулийн бүртгэлд “1930 оны нэгдүгээр сарын 15-нд нутаг буцсан” гэж тэмдэглэсэн тухай тэрбээр мэдээлжээ.

Мөн өөр нэг сонирхолтой мэдээллийг түүний авааль нөхөр Н.Наваан-Юндэн үлдээсэн бөгөөд тэрбээр хожим дурсахдаа: “Би сургууль дээрээ хааяа лимбэ үлээдэг байсан. Багш нар их сонирхдог байлаа. Манай сургуулийн охин Хаалаагийн суусан айл нь өөрийн үйлдвэр дээрээ очихыг урьсан. Гэтэл тэр үйлдвэрийнхэн Хаалаан гоо сайхныг ихэд гайхан биширч удалгүй “Хаалаа” гэдэг нэртэй шоколад үйлдвэрлэж билээ. Германд дөрвөн жил болоход Хаалаа герман хэлийг төрөлх хэл бичиг шигээ сурсан байлаа. 1930-аад оны дундуур зүүнтний нугалаа гарч, байдал эрс өөрчлөгдөж хөрөнгөтөн гэх үзэл дэврэн байсан үед Наваан-Юндэн, Хаалаа бид хоёрыг язгууртны хүүхэд гэж эх орноос минь дуудсан юмаа” гэжээ.

Тодруулга:

-Бидний өвөг дээдэс болох Өвөр Монголын Зуу Удын чуулганы дэд дарга, Жарудын зүүн хошууны туслагч, дэд зэрэг тайж Гомбожав нь зургаан хүүхэдтэй хүн байжээ. Түүний ууган хүү нь болох Гүнсэн гэж гүн цолтой хүн байсан гэдэг. Түүний дараагийн охин нь Сүрэнхорлоо, тэгээд Риймэд, удаах нь Сүгжмаа, тав дахь хүүхэд нь Хаалаа, отгон охин нь Шүрэнчимэг гэж байж.

Хаалаа гэдэг нь гэр бүлийн хүрээнд өхөөрдөн энхрийлж дууддаг нэр байсан болохоос түүний жинхэнэ нэрийг нь Саранчимэг гэдэг байсан юм билээ. Хаалаа эгч Олноо Өргөгдсөний анхдугаар он буюу 1910 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн гэдэг боловч Жарудын зүүн хошуунд төрсөн болов уу.

1926-1930 онд Герман улсад явж суралцсан. 1930-1934 онд Улаанбаатар хотноо, одоогийн 20 дугаар дэлгүүрийн ойролцоо байрлаж байсан хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багш, “Туул” рестораны зүүн урдтай байдаг асан эмийн санд ажиллаж байсан.

1934-1937 онд ЗХУ-ын Омск хотын анагаах ухааны дээд сургуульд эм найруулагчийн мэргэжил эзэмшихээр суралцсан. 1938 онд нас барсан юм гэдэг. Хаалаагийн тухайд миний мэдэх зүйл гэвэл ердөө энэ.
..Хаалаагийн төрсөн ах гүн Гүнсэнг “Хувьсгалын эсэргүү, зэвсэгт бослого гаргах Японы тагнуулын байгууллагад 1917 онд элссэн, хортой цуурхлыг идэвхтэйгээр тараагч, Гэндэн, Дэмид тэргүүтэй эсэргүү байгууллагын гишүүдтэй харилцаа холбоотой байж тэдний хорлон сүйтгэх үйл хэрэгт идэвхтэй туслагч бөгөөд хорлон сүйтгэх ажлыг үйлдэж байсан” гэж буруутган хилс хэрэг хүчээр тулгаж 1938 оны 9 дүгээр сард буудан хороож, хөрөнгийг нь хураажээ. Тухайн үед “эсэргүү Гүнсэнгийн хөрөнгийг хурааж байна гээд гудамжаар дүүрэн ачаатай, түрүүч нь харагдахгүй үхэр тэрэг цувсан” гэж буурлууд маань ярьдаг сан.

Хаалаагийн төрсөн эгч Сүрэнхорлоогийн нөхөр Цэрэн Улаанбаатар хотын комендант хийж байгаад бас хилс хэргээр баригдан цаазлуулсан гэдэг юм...

Хаалаагийн төрсөн ах Гүнсэнгийн ач охин
Ү.Энхцэцэгийн дурсамжаас

Эх сурвалж:

Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” дэд дэвтэр. УБ.2016 он. Тал 190-192

Зургийн тайлбар:

1. Г.Хаалаа. 1926.08.15. Берлин хот
2. Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” дэд дэвтэр. УБ.2016 он

ВИККЕРСДОРФЫН сурагч НАМДАГ              Ч.БолдЗохиолч Х.Зандраабайдий “Заяа дутуу бурхад” (хөрөг эссе) зохиолдоо Д.Намд...
01/06/2026

ВИККЕРСДОРФЫН сурагч НАМДАГ

Ч.Болд

Зохиолч Х.Зандраабайдий “Заяа дутуу бурхад” (хөрөг эссе) зохиолдоо Д.Намдаг гуайн тухай сэтгэлд хоногшим сайхан дурсан өгүүлсэн нь бий. Д.Намдаг гуай Германд суралцаж байсан үеийнхээ тухай дурсан ярьсан нь уг зохиолд байдаг юм. Түүнийг сийрүүлбэл, “…Би Германд 26 оноос 30 он хүртэл дунд сургуульд суралцаж зургадугаар ангийг ардаа тавилаа. Угаас суурь муутайн гай үргэлжилж олигтой сурагч болж чадсангүй. Ирээдүйдээ дээгүүр мэргэжил эзэмших найдваргүй тул намайг бараа нэхвэрийн техникумд шилжүүлэв. Тэгээд тэнд хоёр сар болж байтал бүх хүүхдийг нааш нь татах боллоо. Тэнд байхдаа би, Цэвээн Жамсран багшийн биднийг үдэн мордуулахдаа хэлсэн үгийг ямагт санадаг байлаа.

Багш бидэнд: “Эрт урьд цагт манай Чингис хааны цэргүүд Герман улсыг байлдан дагуулахаар хил дээр нь очтол, Чингис хаан ард таалал болсон учир Балтийн далайгаас морьдоо услаад буцсан түүхтэй юм. Одоо бол та нар тэнд суралцахаар явж байгаа болохоор нутгийн нь захаас буцах биш, бүр дунд нь орж, эрдмийг нь ихэд уугаад ирээрэй” гэж сургамжилсан юм. Ингэхэд би ямар эрдэм ууж ирсэн билээ. Үүнийг би олонтаа эргэцүүлэн бодсон нь бий.

…Дунд сургуулийн зургадугаар ангийн боловсролд юм юмны зах сэжүүр байх боловч хэчнээн чамлалтай нь өнөөгийн хүнд тодорхой. Гэтэл би түүнийг харийн дулимаг хэлээр сурах зуурт төрөлх хэл төсөөрч, унших бичих бараг мартагдсан хэдий ч явсан хүн яс зууна гэгчээр өвөрлөж ирсэн юм байх нь яваандаа илэрлээ. Юуны өмнө би, харь орны өндөр хөгжлийг нүд алдан гайхах завшаанаа хөдөлмөр гэдэг хэчнээн эрхэм болохыг мэдсээн. Цаашилбал, хүн ард үр бүтээлтэй юм хийсэн бүхнээрээ хүнд бэрхийг даван туулсныг олж сонссоон.

Бас хүн гэдэг хөдөлмөрийн амьтан, хөдөлмөрөөр амьдрах хувь заяанд төрсөн болохоороо хөдөлмөрийг голох хэрэггүй гэдэг үзлийг олж авсаан. Нөгөө нэг нь гэвэл, хүн нийгмийн соёл нь үе дараалсан шаттай байвч түрүүч түрүүчийнхээ хүний хийснийг баллан устгасандаа биш, дээр дээр нь нэмэн бүтээсэнд байна гэж ойлгосоон. Товчхон хэлбэл, энд байхдаа залхуурах, бодлогогүй хандах, нинжин сэтгэлгүй байх л хүнд их хортой юм гэж ойлгосон хүн дээ. Энэ бол ямар нэгэн хажуугийн сургаал биш, хувийн олж харснаа ингэж таамагласан хэрэг.

Түүнээс гадна нэг чухал үйл явдалтай холбогдсон юм. Нийт арван монгол хүүхэд суралцаж байсан Виккерсдорф гэдэг газрын дунд сургуульд пионер, коммунист залуучуудын эвлэл, МОПР зэрэг байгууллага нууц байгуулагдахад бид орж, тэр үеийн фашизм ба капитализмын эсрэг тэмцэх тэмцэлд идэвхийлэн оролцож байлаа. Энэ бол сайшаалтай хэрэг боловч чухамдаа зүйд нийцэх эсэхийг хэлэхэд бэрх.

Биднийг анх явахад Эвлэлийн Төв Хороо, гишүүн нэг бүрд даган мөрдөх бичиг гардуулахдаа, тэр орны ямар нэгэн анги намын чанарт байгууллагад орж үл болохыг онцлон дурдсан юм. Гэсэн хэдий боловч би Германы коммунист залуучуудын эвлэлийн гишүүн болсны завшаанд тэдний баатарлаг тэмцэлтэй танилцсан төдийгүй өөрийн минь үзэл санаа интернационалыг шүтэн бишрэхэд улам гүнзгийрсэн юм. Ингэхээр би монголдоо арай ч дан бие, хоосон өвөртэй ирээгүй байгаа биз. Нөгөө талаар юм үзэж, нүд тайлах маш чухал. Үүнгүйгээр хүн урагш давшихыг олоход бэрх” гэжээ.

Д.Намдагийг 1932 онд “Тайж Нацагдоржийн банкет” хэмээх хилс хэрэгт холбогдуулан барихдаа Дотоодыг хамгаалахын төлөөлөгчид дээр дурдсан Германы коммунист залуучуудын эвлэлийн батлах, МОПР-ын батлах, Германд авахуулсан гэрэл зургуудыг нь хураан авчээ. Хожим Д.Намдаг гуай: “...Тэр батлахууд одоо бол их үнэтэй цайтай зүйл юм шүү” хэмээн харамсан ярьж байжээ.

Ардчилсан Герман улсаас 1960-аад оны үед Д.Намдаг гуайд ирсэн захидлыг “Соёл, утга зохиол” сонинд нийтэлсэн гэдэг. Түүнд: “Эрхэм хүндэт нөхөр Намдаг аа, 1927-30 онд таны суралцаж байсан Виккерсдорфын сургуулиас танд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Манай сургуульд коммунист залуучуудын үүр байсныг мэдээд ихэд бахархаж байна. Тантай хамт суралцаж, үүрийн татвар хураагч байсан Лени Штренг бидэнд туслав. Тэрбээр та нарын ажил байдлын тухай, Цэвээн, Намхайцэрэн, Батсүх, Цэрэнханд, Бадрах нарын тухай ярив. Лени Штренг Ландтагийн коммунист депутат, Тюрингийн коммунист залуучуудын холбооны нарийн бичгийн дарга байсан Карл Бартельтай гэрлэсэн юм. 30 оны 3 сард Бартель Виккерсдорфод ирж та нар болон үүрийн бусад гишүүдтэй танилцжээ. Цагаан хэрэглэлийн нярав Фрид Яков, манаач Карл Мюллер та нарт халуун баяр хүргэж байна. Тэд та нарыг сайнаар дурсан санаж байна. Анд нөхдийнхөө тухай, Георге Элухэн, Виталий Кизилштайн болон Германы коммунист залуучуудын холбооны бусад гишүүдийн тухай юу мэддэгээ бичнэ үү...” хэмээжээ.

“Хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжсэн” тэрбээр хөрөнгөтний газар эрдэм сурч, нүд тайлсан нь сохор хүн хараа орсон мэт болсон гэдэг. Түүний ижил Герман, Франц улсад явж суралцсан манай анхны сэхээтнүүд 1930-аад оны эхэн үеийн Улаанбаатарын шавар шалбаагтай гудамжаар “Опель” дугуй жийн, цагаан цамц, эрвээхэй зангиагаар гангарч, шинэ соёл, шинэ хэв маяг, шинэ хувцасны моод дэлгэрүүлж, түүнээсээ болон “10 мөнгөний цагаан захтан” гэсэн хоч зүүх болсон түүхтэй.

Бага балчир насандаа Герман улсад суралцсан хүний хувьд Д.Намдаг гуай тэдний нягт нямбай, тооцоотой, ажилч хичээнгүй занг нь сайшаан, эрхэмлэн дууриадаг хүн байсан гэх бөгөөд тэр ч чанараасаа болж балрын сурталаа хаяж гээгээгүй Хүрээний түшмэдийн дунд “Герман” Намдаг хэмээн шоолуулж явсан гэдэг.

Д.Намдаг гуайн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн ном зохиол цөөнгүй хэвлэгдэн гарсан боловч чухам Германд суралцаж байх үеийнх нь тухай судлаж бичсэн нь ховор харагддаг юм. Хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар 1998 онд “Д.Намдагийн туршиц, туурвил зүй” хэмээх нэг сэдэвт зохиол, 2001 онд “Донровын Намдаг (намтар, уран бүтээл)” ном бичиж хэвлүүлсэн билээ.

Д.Намдагийн гарын шавь тэрбээр 2011 онд “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа: “Арван хэдэн насандаа сурсан юм болохоор багш маань герман занд их таатай ханддаг байсан. Юманд яг яс хандана. Цаг барина. Хоол сайхан хийнэ. Талхны үртсийг ч үл хаяна. Дэвтэр, сонины захын зайд юм тэмдэглэнэ. Ер нь л оюуны зан төлөв нь барууны маягтай байсан даа. Намдаг багшийн германд сурсан үе өнөө хэр олигтой судлагдаагүй байгаа нь харамсалтай. Түүний зан чанарын төлөвшил, уран бүтээл, хэлмэгдлийн эх үүсвэр болсон энэ үеийг судлахгүйгээр түүний амьдрал, уран бүтээлийг танин мэднэ гэдэг таашгүй зүйл юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн өгүүлсэнтэй санал нэг байна.

Эцэст нь зохиолч Д.Намдагийн хүүхэд нас, Германд суралцаж байсан зурвас үеийн тухай гүнзгийрүүлэн судлах ажил судлаачаа хүлээн буйг цохон дурдахыг хүсэж байна.

Эх сурвалж:

Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” дэд дэвтэр. УБ.2016 он. Тал 140-144

Зургийн тайлбар:

1. Д.Намдаг. 1939 он
2. Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” дэд дэвтэр. УБ.2016 он.

30/05/2026

Алс газар сурахаар одсон хүүхдүүдийн тухай МОНЦАМЭ Агентлаг тусгай нэвтрүүлэг хийж буй.

Энэ сэдвийг олон хүн, байгууллага, хамт олон сонирхон судлаж, сурталчлах болсонд би ихэд баярладаг билээ. Сайхан хэрэг.

Үйлс нь бүтэх болтугай!

“ИДЭР ЖИНЧИН”            Ч.БолдТ.Нацагдорж нь Германаас эгэн ирсний дараа 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дуун ухаа...
26/05/2026

“ИДЭР ЖИНЧИН”

Ч.Болд

Т.Нацагдорж нь Германаас эгэн ирсний дараа 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дуун ухааны тасагт ажиллаж эхэлжээ. Тэрбээр энэ л үеэс эхлэн шүлэг, өгүүллэг бичих болсон төдийгүй их зохиолч Дашдоржийн Нацагдоржтой хамтран 1935 онд шүлгийн түүвэр гаргаж байжээ. Ардын Эрүүлийг хамгаалах яамнаас эрхлэн хэвлүүлсэн “Эрүүл энхийн төлөө тэмцэх явдал ард бүхний үүрэг” хэмээх эл түүвэрт түүний “Хуучин Монгол”, “Шинэ Монгол”, “Арван дөрвөн жилийн өмнө”, “Арван дөрвөн жилийн хойно” зэрэг шүлэг орсон аж.

Их зохиолчтой нэр нэгт түүнийг утга зохиолын хүрээнийхэн “бага” Нацаг хэмээн нэрлэдэг байжээ. Тийм ч учраас тэрбээр хожим 1958 онд бичсэн “Д.Нацагдоржид” шүлэгтээ:

Ижил нэртэй та бид хоёрыг
Их бага гэж ялгаж дууддаг сан
Тэр цагт би бага байжээ
Тэгээд ч бүр балчир явжээ
Тэгсэн ч би хэлэх үгтэй
Тэнгис ч бас давалгаалах устай
Түг түмнээрээ таныг дурсан
Түүхийн хуудсанд мөнхжөөд
Түмний сэтгэл баясал дүүрэн
Түгээмэл яруу бүтээлийг чинь бахдаж байна хэмээжээ.

Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор буюу 1936 онд Т.Нацагдорж “Идэр жинчин” шүлгээ бичсэн юм. Энэ тухай нийтэд түгсэн нэгэн дурсамж бий. Монголын орчин үеийн дуу хөгжмийн урлагийг үндэслэгчийн нэг, нэрт дууч Магсар хурцын Дугаржав (1893-1944)-ын санал санаачилгаар тухайн үед “Жавхлант сүрэг”, “Идэр жинчин”, “Баян монгол”, “Үхэрчин хүү” зэрэг дуу төрсөн аж.

Адуун сүргийн тухай өгүүлэх “Жавхлант сүрэг” дууны шүлгийг Б.Доржсүрэн, тэмээн сүргийн тухай өгүүлэх “Идэр жинчин” дууны шүлгийг Т.Нацагдорж, хонь ямаа, үхэр сүргийн тухай өгүүлэх “Баян Монгол”, “Үхэрчин хүү” дууны шүлгийг Н.Наваан-Юндэн нар тус тус зохиожээ.

Шинэ Монгол улсын дуу хуурын их өргөөнөө олон жил дуулагдаж, ардын дуу мэт олноо түгсэн эдгээр дууны зохиогчид нь бүгд Герман улсад суралцаад ирсэн залуу сэхээтнүүд байсан нь сонирхолтой хэрэг шүү!

ИДЭР ЖИНЧИН

Алс холын замаар
Алхлан сажлан туулж
Аян жингийн хүндийг
Амар сайнаар нэвтрүүлэгч
Атан олон тэмээд минь
Арын говийг бүрхжээ

Шингэн лимбийн дуугаар
Миний нутгийг санагдуулж
Ширээ тэгшхэн бөхөөрөө
Жингийн хүндийг өргөгч
Шилдэг олон ат минь
Шилийн говийг бүрхжээ

Идэр жинчин бид
Эрэмгий чадлаа гаргаж
Ингээд аяны замаар
Эрх тааваараа туулаад
Энэ орны ардыг
Эд бараагаар хангацгаая (1936 он)

https://youtu.be/Ea30_eB1mh0?si=QuUx7d37BtlNUBy-

1929 онд тулгын чулуугаа тулж, анхны үүсгэлээ тавьсан Уран зохиолч нарын бүлгэм нь 1934 онд Уран зохиолчдын товчоо болж хүрээгээ тэлэхэд нарийн бичгийн даргад Т.Нацагдорж сонгогдож байсан нь зохиолч нөхдийнхөө дунд түүний хэдийнээ байр сууриа олсныг илтгэн харуулж байна...

Эх сурвалж:

Ч.Болд "Алс газар сурахаар одогсод” гутгаар дэвтэр. УБ.2023 он. Тал 78-80

Зургийн тайлбар:

1. Т.Нацагдорж. 1935 он
2. Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” гутгаар дэвтэр. УБ.2023 он. Тал 78-80

24/05/2026

"Герман, Франц улсад суралцсан анхны монгол сурагчид: түүх, хувь заяа" (1926-1930)

Ч.Болд

Монгол сурагчид Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулан Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/-оос эрхлэн "Герман, Франц улсад суралцсан анхны монгол сурагчид: түүх, хувь заяа" (1926-2930) сэдэвт сургалтыг улс орон даяар зохион байгуулаад сар гаруй хугацаа өнгөрч байна.

Тус байгууллага нь эл түүхэн үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч өнгөрсөн 4 дүгээр сард Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia -д үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд 10 хоног гаргахаар төлөвлөсөн.

Тус үзэсгэлэн үзэгчдийн хүсэлтээр хоёр удаа хугацаа сунгаж, нийт 20 шахам хоног гарсаныг онцлон хэлэх нь зүй.

Цагаатгалын улсын комиссын удирдлага, хамт олон анхлан ийм санаачлага гаргаагүй бол ховор сонин, арвин баялаг
үзмэр бүхий энэхүү үзэсгэлэн олны хүртээл болж чадах байсан эсэх нь тун эргэлзээтэй!

Баруунд суралцсан анхны монгол сурагчдын сүнс сүлдэр Та бүхний буянтай үйлсийг тань тэнгэрийн орноос хараад баясан мишээж суугаа нь лавтай.

Та бүхэнд Гялайлаа.

СУДАЛГААНААС УРАН ЗОХИОЛ РУУ       У.БямбанямГерман-Францад суралцагсдын түүхээр өнөөг хүртэл судалгааны олон ном, сэтгү...
18/05/2026

СУДАЛГААНААС УРАН ЗОХИОЛ РУУ

У.Бямбаням

Герман-Францад суралцагсдын түүхээр өнөөг хүртэл судалгааны олон ном, сэтгүүл, намтар дурсамжийн нэжгээд бүтээл хэвлэгдэн гарчээ. Сэдвийн хувьд ч шинэ гэхээргүй болж, судалгааны эргэлтэд орлоо.

Харин энэ сэдвийг Монголын түүхэн нөхцөлтэй холбон уран зохиолын сэдэв болгохын эхлэл нь "Дурсамжийн газрын зураг" зүймэл роман гэж болно.

Улаанбаатараас Санкт-Петербург, Штетин, Берлин, Лайпциг, Викерсдорф хүртэл явж, цуглуулсан баримт, мэдрэмжээ баримтат зохиолын хэлээр уншигчдад хүргэхээр шийдсэн нь цаанаа нэг л зорилготой байлаа. Судалгааны бүтээлүүд баримтад тулгуурладаг. Гэтэл энэ чиглэлийн судалгаа хийдэг хүмүүс, сурагчдын үр хойчтой уулзаад ярилцахаар гомдол, цөхрөл, харуусал мэдрэгддэг юм. Энэ бол зөвхөн нэг гэр бүл, нэг хэсэг хүний гомдол бус Монгол Улсын түүхийн нэг үе, улс орноо өөд татах чин хүслээр амьдарч явсан нэг том оюун санааны бүлгээ хэлмэгдүүлж, итгэлийг нь мохоож явсан цаг үеийн харуусал. Тиймээс энэ мэдрэмжийг уншигчдад хүргэх арга нь уран зохиолын хэл, уран сайхны арга гэж бодсон минь тэр.

Тиймээс ч зохиолоо таван бүлэг, бүлэг дотроо хоёр хэсэгтэй бичлээ. Бүлгийн эхний хэсгүүдэд европ руу сурахаар одсон сурагчдын араас аялсан тэмдэглэл, аяны дурсамжууд, хоёрдахь хэсэгт Д.Нацагдоржийн амьдрал, эргэцүүллээр дамжуулан тэдний туулсан амьдралыг түүхийн чанадаас уншигчдын сэтгэлд дахин авчирч, амьдруулахыг зорьсон юм.

Бүлэг тус бүрийн эхэнд тухайн хот дахь монгол сурагчидтай холбоотой газрын зургийг, солбилцлын хамт оруулсан нь уншигч таныг номыг маань бариад сурагчдын мөрөөр ганцаараа ч хамаагүй аялаасай гэснийх. Мөн бүлэг тус бүрд хөгжмийн бүтээл хийлгэж, QR кодоор уншуулж сонсох боломжтой оруулсан нь бүтээлийн уншигчдад өгч буй мэдрэмжийг сонсох хэлбэрээр дахин хүргэх гэснийх билээ.

Харин ганц ч гэрэл зураг оруулаагүй нь уншигчийнхаа мэдрэмж, төсөөллийг эвдэхгүй гэснийх юм. Магад 2019 оны аяллын цуврал тэмдэглэлээ ном болгох цагт зургуудаа нийтэлж болох биз ээ.

"ДУРСАМЖИЙН ГАЗРЫН ЗУРАГ"-ИЙГ ДАГАВАЛУ.БямбанямБаримтат киногоо цацсаныхаа дараа төслөө эхлүүлэхдээ бодож байсан номын а...
14/05/2026

"ДУРСАМЖИЙН ГАЗРЫН ЗУРАГ"-ИЙГ ДАГАВАЛ

У.Бямбаням

Баримтат киногоо цацсаныхаа дараа төслөө эхлүүлэхдээ бодож байсан номын ажил руугаа орлоо. Гэтэл энэ зуур хэд хэдэн жил алсран холдож, Ковид-19 хэмээх айхтар тахал дэлхий дахиныг нөмөрч, төсөөлөө нь үгүй үеийг тууллаа.

Өнөөх бичих ном маань ой тойноос сарнин оджээ. Аяллын тэмдэглэл, бичлэг, зургаа хэчнээн ухаж үзэвч толгойд буух зүйл хомс аж. Ингээд хоёр дахь аялалдаа гарахаар шийдлээ.

2023 онд Монголын Урлагийн Зөвлөлөөс уран бүтээлийн тэтгэлэг авч, номоо бичихээр Германыг зорив. 2019 онд очсон газруудаараа дахин очиж, дурсамжуудаа сэргээж, очиж чадаагүй ганц нэг газраа гүйцээж, өдөр нь үүргэвчээ үүрэн гудамж өгсөж уруудан алхаж, үдэш нь компьютерийнхээ ард тонгойсоор гурван сарыг үдээд буцаж ирлээ.

2019 оноос хойш хийсэн судалгаа, 2023 онд ахин явсан аяллын дүнд "Дурсамжийн газрын зураг" зүймэл роман 2025 онд хэвлэгдэн гарсан юм. Таван бүлэгтэй, бүлэг дотроо хоёр хэсэгтэй энэхүү роман одоо цаг болон түүхэн үе, баримтат бичлэг болон уран зохиолыг хослуулснаараа онцлог байсныг уншигчид онцолж байв. Номын талаарх илүү дэлгэрэнгүйг маргаашийн нийтлэлээс хүлээн аваарай.

Д.НАЦАГДОРЖИЙН ЭРГЭЛТИЙН ЦЭГУ.Бямбаням1925-1926 онд Ленинград хотын Толмачёвын нэрэмжит Цэрэг, улс төрийн академид сурал...
13/05/2026

Д.НАЦАГДОРЖИЙН ЭРГЭЛТИЙН ЦЭГ

У.Бямбаням

1925-1926 онд Ленинград хотын Толмачёвын нэрэмжит Цэрэг, улс төрийн академид суралцаж байсан Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар зуны амралтаараа эх орондоо буцаж ирээд байхдаа Япон Улсад сургаж өгөх хүсэлтийг зохих байгууллагад гаргажээ. Даанч тэр үед Япон руу оюутан илгээх боломж байсангүй. Харин 1926 оны намар Герман-Францад сурахаар одогсдын араас зургаан хүний нэмж илгээхээр болсны дотор тэд багтсан юм.

Ийнхүү Берлин, Лайпциг хотуудад өнгөрүүлсэн хоёр жил гаруйн хугацааг Д.Нацагдоржийн амьдралд эргэлтийн цэг болсон гэж болно. Хэл ус, соёл, танин мэдэхүйгээс эхлээд сэтгэлгээ, эрдэм мэдлэгийн хувьд илт өссөн нь анзаарагддаг.

Тиймээс бид баримтат киноныхоо хоёр дахь анги "Намар: Алдагдсан цагийн эрэлд"-д зохиолч Д.Нацагдоржийн Орос, Герман, бас Монголд өнгөрүүлсэн он цаг, тэндээс түүсэн оюуны сувд, харилцаа холбоо, бас амьдралынх нь сүүлийн жилүүдэд тохиосон гунигт бараан өдрүүдийн талаар өгүүлсэн юм.

On the trail of a Poet төсөл

327 likes. "Нацагдорж- Найрагчийн мөрөөр "Намар: Алдагдсан цагийн эрэлд" II"

ДӨРВӨН УЛИРАЛ БА БАРИМТАТ КИНОУ.Бямбаням"Хавар: Алс газар сурахаар одогсод" нэрийг та хаа нэгтээ сонссон, эсвээс зурагт,...
12/05/2026

ДӨРВӨН УЛИРАЛ БА БАРИМТАТ КИНО

У.Бямбаням

"Хавар: Алс газар сурахаар одогсод" нэрийг та хаа нэгтээ сонссон, эсвээс зурагт, интернэтээр үзсэн байх. Яагаад ийм итгэлтэй байгаагийн учир нь "Найрагчийн мөрөөр" төслийн хоёр ангит баримтат кино маань 10 гаруй телевизийн сувгаар гарч, зарим нь бүр эфирт тогтмол гараад уджээ.

Бас юүтүб хуудсанд байршуулсан хувилбарыг нийт 29 мянган хүн үзээд байна.

2019 оны аялалд гурвуулаа гарч, манай багийн зураглаач М.Төгөлдөр маань алхам хором бүрийг алдалгүй хальсанд буулгаснаар энэ киноны эхлэл тавигдсан юм. Бид бичлэг хийхэд зориулсан нэлээд хэдэн төхөөрөмжтэй явсан бөгөөд түүнийхээ лай ланчгийг ч багагүй эдэлсэн. Учир нь, хил гааль нэвтрэхэд тэр урт төмөр, сүртэй эд зүйлс ёстой л садаа болно доо. Оросын хил дээр баахан ээрэгдэж, Францын хил дээр чухам тэр л төхөөрөмжөөсөө болоод онгоцноосоо хоцрох шахаж билээ. Гэхдээ тэгж чирж явсныхаа хүчинд хоёр киногоо хийхдээ дуу, дүрсээр дутаагүй юм.

Олон хүний тус дэмээр бүтсэн киногоо 2020 оны есдүгээр сарын 5-нд Монголын Үндэсний телевизээр анх гаргалаа. Анхнаасаа бодсончлон их зохиолч Д.Нацагдоржийн "Дөрвөн цаг" шүлгийг дурсан "Хавар" гэсэн малгай нэр ч өглөө. Герман руу сурахаар явсан охид, хөвгүүд ихэнх нь хар нялхаараа байсан учраас энэ нэр яг тохирно. Харин Д.Нацагдоржийн тухай анги дээр түүний туулсан хүнд хэцүүхэн хувь тавиланг бодолцон "Намар" нэрийг сонголоо.

Энэ өдөр Монголын Үндэсний телевизийн цахим хуудсан дээрх шууд дамжуулалтаар гэхэд л 104 мянган хүн үзсэн байж билээ. Бүх сувгийн үзэлт, хандалтыг нийлүүлж бодвол өдгөө хэдэн сая хүрэх биз ээ.

Ингээд бодоход уншигч таныг энэ кинотой хаа нэгтээ таарсан гэдэг итгэлтэй байж болмоор санагдаж байна.

Ташрамд дурдахад, 2000 онд найруулагч С.Болд Францад суралцсан сурагчдын тухай баримтат кино хийсэн бөгөөд бидний кино Герман дахь монгол сурагчдын аж амьдрал, ахуй байдлын тухай бүрэн цогцоор өгүүлсэн анхны бүтээл болсон билээ. Энэхүү бүтээлд гурван улсын 8 хотыг дамнасан, аялал, судалгаа багтсан юм.

On the trail of a Poet төсөл

490 likes. "Нацагдорж- Найрагчийн мөрөөр "Хавар: Алс газар сурахаар одогсод" I"

Өчигдөр шинэ номын баяраа тэмдэглэв.😂🥲
11/05/2026

Өчигдөр шинэ номын баяраа тэмдэглэв.
😂🥲

Adresse

Naumann Strase 48
Berlin
10829

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Алс газар сурахаар одогсод: 100 erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Teilen

Kategorie